Украинд цэргийн тусламж үзүүлэх шийдвэр ирэх нэгдүгээр сар хүртэл хойшлогдоно

Украинд цэргийн нэмэлт тусламж үзүүлэх шийдвэр 2024 он хүртэл хойшлох магадлалтай гэж АНУ-ын сенатор Жон Корнин мэдэгджээ. Түүний бодлоор Христийн Мэндэлсний Баярын өмнө хилийн аюулгүй байдлын шинэчлэл, Украинд цэргийн тусламж үзүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх хангалттай хугацаа үлдээгүй байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өмнө нь Вашингтон Киевт арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд дахин цэргийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Жо Байден Конгрессын гишүүдэд хандан Украинд нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг шийдвэрлэхийг уриалаад “Энэ бол яаралтай шийдэх асуудал юм. Бид Зул сарын баяраас өмнө зохих шийдвэр гаргах ёстой” гэсэн боловч шийдэлд хүрч чадаагүй байна.

Сенатын зарим гишүүд Ардчилсан намын дарга Чак Шумерыг “цаг хугацаа алдсан” гэж буруутгасан бол Бүгд найрамдахчууд АНУ-ын өмнөд хил дэх цагаачлалын хяналтыг чангатгахыг тууштай шаардаж, цагаачлалын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, ялангуяа орогнол хүсэгчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлэх бодлого дээр тууштай зогссон аж.

Аравдугаар сард Байден Конгресст Украинд нэг жилийн хугацаатай 61.4 тэрбум ам.доллар, мөн Израилийн батлан ​​​​хамгаалахыг бэхжүүлэхэд зориулж 14.3 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх хүсэлтийг илгээгээд байсан юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *