Мягмар гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган Газын зурваст үргэлжилж буй Израил-Хамасын дайныг хүмүүнлэгийн зорилгоор түр зогсоохыг шаардсан тогтоолыг 153 улсын дэмжлэгтэй баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улсын дөрөвний гурваас илүү хэсэг энэхүү тогтоолыг дэмжсэн бол 23 улс түдгэлзэж, 10 улс эсэргүүцсэн байна.
Эсэргүүцсэн улсууд нь АНУ, Израилиас гадна Австри, Чех, Гватемал, Либери, Микронез, Науру, Папуа Шинэ Гвиней, Парагвай байжээ.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл ижил тогтоол дээр санал хураахад АНУ хориг тавьж байсан юм. Харин ерөнхий ассамблейн тогтоолд АНУ хориг тавих боломжгүй. Палестины НҮБ дэх элч Рияд Мансур энэ үр дүн “АНУ дэлхий нийтийн санаа бодлын эсрэг цаашид зогсох боломжгүй болсныг харууллаа” хэмээн мэдэгджээ.
НҮБ-ын санал хураалтын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 оны сонгуулийн хандив цуглуулах арга хэмжээнд оролцохдоо Израил улс Газын зурвасыг ялгаварлалгүй бөмбөгдсөөр байгаа тул олон улсын дэмжлэгийг алдаж эхэлсэн тухай анхааруулсан юм. Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас байгууллагын үйлдсэн зэвсэгт халдлагын дараа Израилийн арми Газын зурваст байлдааны ажиллагаа явуулсны улмаас өнөөдрийн байдлаар 18,200 гаруй палестин хүн амь үрэгдэж, 50,000 орчим хүн шархдаад байна.
НҮБ-ын ерөнхий ассамблейн тогтоолыг заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй ч дэлхий нийтийн санал бодлыг тусгадаг тул улс төрийн ач холбогдолтой байдаг. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гал зогсоохыг Хамас, Израилийн талуудад олон удаа уриалж байв.
Санал хураалтын өмнө НҮБ дэх АНУ-ын элч Линда Томас Гринфилд “Яг одоо гал зогсоохын сайн тал нь түр амсхийх, муу тал нь Израилийн эсрэг зогсолтгүй халдлага үргэлжлэх, Хамасаас ангид сайн сайхан ирээдүйг бий болгох Палестинчуудын боломжид саад учруулах хор хөнөөлтэй” гэж байр сууриа тайлбарласан юм.
Тогтоолын бас нэг шаардлага нь барьцааны бүх хүмүүсийг ямар нэг нөхцөл тавилгүйгээр яаралтай суллах байжээ. Өөрөөр хэлбэл Хамасын талаас ч бас энгийн номхон иргэдийг хэлмэгдүүлэхгүй байхыг шаардсан байна. Аравдугаар сард НҮБ-ын ерөнхий ассамблей ижил төстэй тогтоол батлахад 121 улс дэмжиж, 44 улс түдгэлзэж, 14 улс эсэргүүцэж байжээ. Эсэргүүцсэн 14 улсын нэг нь АНУ байлаа.