Б.Бат-Эрдэнэ: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьсан

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Үдээс хойших хуралдаанаар “Монгол орны ойн сангийн төлөв байдал, болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол орны ой Сибирийн их тайга, Төв-Азийн хээр, цөлийн торгон заагт уур амьсгалын эрс тэс нөхцөлд тархан ургадаг. Тиймээс байгалийн аясаар тэлэн ургах боломж нэн хязгаарлагдмал, ой бүтээмж, өсөлтийн хувьд бага, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртөмтгий эмзэг экосистем юм.

Монгол Улсын ойн сан нутгийн хойд хэсгийг эзлэх шилмүүст, навчит ой, нутгийн өмнөд талын говь цөлийн бүсээр тархан ургах заган ойгоос бүрдэнэ. Үүний 74.6 хувийг навчит, шилмүүст ой, 25.3 хувийг заган ой эзэлдэг.

Ойн сангийн талбай 2022 оны байдлаар 18,596.1 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.89 хувийг эзэлж байна. Ойн сангийн талбайг газрын төрлийн ангиллаар харвал:

  • ойгоор бүрхэгдсэн газар (байгалийн ой, бут сөөг, таримал ой) 12,619.4 мянган га (67.8 хувь),
  • ойгоор бүрхэгдээгүй буюу тармаг мод 3,399.2 мянган га (18.28 хувь),
  • шатсан талбай 1,646.2 мянган га (8.85 хувь),
  • мод бэлтгэсэн талбай 130.7 мянган га (0.7 хувь),
  • ойжих талбай 151.7 мянган га (0.82 хувь),
  • ойжуулсан талбай 25.8 мянган га (0.14 хувь),
  • ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай 102.2 мянган га (0.55 хувь),
  • салхи, цасанд унасан ойн талбай 0.4 мянган га (0.0002 хувь),
  • ойн бус талбай 520.4 мянган га (2.8 хувь) талбайг тус тус хамаарна.
Ойн сангийн талбайн хэмжээ нийт газар нутагтай харьцуулахад бага (11.89 хувь) боловч нэг хүнд ногдох ойн талбай 5.4 га/хүн байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлт (0.54 га/хүн)-ээс хавьгүй өндөр байдаг.

Аливаа улс орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбайг нийт нутаг дэвсгэрт харьцуулж хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг ойрхог чанар гэдэг бөгөөд манай улсын энэ үзүүлэлт 8.07 хувь байна. Ойн сангийн 2022 оны талбайг 2020 оныхтой харьцуулахад ойгоор бүрхэгдсэн талбай 167.4 мянган га-аар нэмэгдэж, ойрхог чанарын эзлэх хувь 0.07 хувиар өссөн.

зураг

Улсын хэмжээнд 2021-2022 онд 173 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 16 мянган га ой, 117 мянган га хээр, нийт 133 мянган га талбай өртжээ. Түймрийн улмаас 12.5 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирч, түймрийг унтраахад 360.9 сая төгрөгийн зардал гарч, нийт хохирол 13.2 тэрбум төгрөг болжээ.

Ойн сангийн нийт талбайн 6,642.6 мянган га буюу 35.7 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт, 8,812.6 мянган га буюу 47.4 хувь нь бусад хамгаалалтын бүсэд, 3,141.1 мянган га буюу 16.9 хувь нь ашиглалтын бүсэд тус тус хамаарагдаж байна.

Улсын хэмжээнд 651 ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ойн мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай зохих тооны мэргэжлийн мэргэшсэн ажилтан ажиллуулах болон орчин үеийн технологи, техник хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжгүй тул техник хэрэгслийг бие биеэс түрээслэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Иймд эдийн засгийн VP ашгийг тооцон жижиг аж ахуйн нэгжийг нэгтгэх замаар тоог багасгаж, магадлан итгэмжлэлийн системд шилжүүлэн, орчин үеийн ойн техник худалдан авахад татаас өгөх, урт хугацааны зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцын талаар…

Монгол Улсын Ерөнхийлөгч эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан билээ.

Тус үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 41.5 сая мод тарьсан бөгөөд 39 зүйлийн мөд сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлсэн. Мөн үр дүнд хүргэх, амжилттай хэрэгжүүлэх нэг гол тулгуур байгууллага нь орон нутаг дахь сум дундын болон сумын ойн анги юм.

Улсын хэмжээнд энэ оны байдлаар 42 сум дундын ойн анги, дөрвөн сумын ойн анги ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, зүй зохистой ашиглах, ойн тогтвортой менежментийг сайжруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ оны эхнээс Дорнод аймгийн Халхгол сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Сэврэй сумуудад сум дундын ойн анги байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуй нэгж, байгууллага нийт 21 овог, 52 төрөлд багтах 124 зүйлийн 62,978,816 ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн” хэмээн танилцуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *