Хянан шалгах түр хорооны үдээс хойших хуралдаанаар олон улсын тээврийн хэрэгслийн “С” төрлийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуудлыг сонсох үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх гэрчийн мэдүүлэг өглөө.
Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх: Гэрчийн мэдүүлэг өгөхөөс өмнө зарим нэг зүйлийг тодорхой болгосны дараа ярихгүй бол ойлгомжгүй зүйл гарах гээд байна. УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуулиар бол гэрч худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл шинжээч бас ийм үүрэгтэй байна шүү. Бүгдээрээ хариуцлага, үүргээ ойлгочхоод тайлбар өгсөн дээр байх.
Би 2012-2014 онд Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажилласан. Үүнээс хойш зургаан сайд солигдож долоо дахь нь ажлаа хийж байна. Тэр сайд нар хаана байна вэ. Цар тахлын үед хамгийн том хулгай гарсан гэсэн. Энэ үед хэн сайд байсан юм, хаана байна вэ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сонсголд гэрчээр хэнийг дуудах вэ гэдгийг та биш шинжээч нар мэднэ. 2016 оноос өмнөх бүх “С” зөвшөөрөл олгосон бүх баримт устгасан гэх асуудлаар таныг дуудсан. Та үүнд тайлбар хийнэ үү?
Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх: Миний сайд байх үеийн 2013 оны 11 дүгээр тушаалыг Шинжээч буруу тайлбарлалаа. Энэ бол “С” зөвшөөрөл олгох тушаал биш. “С” зөвшөөрөл гэдэг чинь нүүрс зөө гэж олгодог зүйл ч биш ээ. Хүнд даацын тээврийн хэрэгсэл хил дамжихад стандартыг хангасан гэдгийг бататгаж буй зөвшөөрөл.
Миний тушаалаар Хятад-Монголын хооронд байнгын ачаа тээвэр гүйцэтгэхэд баримтлах болон гэрчилгээний шаардлага баталсан. Яам “С” зөвшөөрөл олгодоггүй. Зөвхөн бодлогын шийдвэр гаргадаг.
Автотээврийн үндэсний төв өмнө нь яамны харьяа алба байсан. Үүнийг бие даасан үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангасан. 2012-2014 онд олгосон “С” зөвшөөрөл нүүрсний хулгай хийсэн эсэхийг Шинжээч нар ярьж өгөх байх.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2016 оноос өмнөх “С” зөвшөөрлийн материал нь байхгүй гэсэн бичгийг Хянан шалгах түр хороонд ирүүлсэн. Зам тээвэр, хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвд байхгүй гэхээр нь Архивын ерөнхий газарт хандсан. Гэтэл байхгүй гэсэн бичиг ирсэн. Таныг сайдаар ажиллаж байх үеийн материал байхгүй.
Гэтэл 2010-2016 онд долоон тэрбум төгрөгийн 310 мянган “С” зөвшөөрөл олгосон байгаа юм. Энэ үед ямар компанид “С” зөвшөөрөл олгосон баримт Монгол Улсад байхгүй.
Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх: “С” зөвшөөрлийг олгох ёстой. Харин ч үүнийг олгохгүй бол хясан боогдуулсан гэмт хэрэг болно. Яагаад байхгүй буйг Автотээврийн үндэсний төв хариулж өгөөрэй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Автотээврийн үндэсний төв түүнийг устгачихсан юм уу?
Автотээврийн үндэсний төвийн дарга Н.Пунцаг: Тэр бичгийг устгах ямар ч шаардлага байхгүй. Тухайн үед манай төв орон нутгийн салбараараа дамжуулж “С” зөвшөөрлийг олгодог байсан. Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаа явуулахдаа хилийн бүс орж ажилладаггүй.