УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах “Нүүрсний” хоёр дахь сонсгол гурав дахь өдрийн үдээс хойших сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил” сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан юм.
Тавантолгой дулааны цахилгаан станцын талаарх мэдээллийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа.
Тэрбээр “Эрчим хүчний яамнаас “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450 мега ваттын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 мегаваттын гүйцэтгэг болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр зарлаж тендерийг долдугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан байна.
Тендер шалгаруулалтад “Чайна вэстэрн павр индастриал” ХК, “Майнс ап” ХХК, “Бээжин бэйжонг уурын турбин генератор” ХХК-ийн түншлэл болон “Митайм интернэйшнл” ХХК нар тус тус тендер ирүүлж оролцсон байна.
Эрчим хүчний яам гэрээ байгуулах эрхийг “Митайм интернэйшнл” ХХК-д олгосон байх бөгөөд “Майнс ап” ХХК-аас захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг зөвшөөрөөгүй байх тул Сангийн яаманд гомдол гаргасан байна.
Тухайн гомдлыг Сангийн яам хянан үзээд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг 2023 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 03/6541 тоот албан бичиг, 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 03/7259 тоот албан бичгээр тус тус хүргүүлжээ. Тухайн тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул гэрээ байгуулах боломжгүй байхыг Эрчим хүчний яамнаас тендерт оролцогчдод хүргүүлсэн байна.
“Митайм интернэйшнл” ХХК нь Сангийн яамны дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулах хүсэлтэй талаар нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан” хэмээн ярив.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Тавантолгой дулааны цахилгаан станцад олгосон санхүүжилтийн талаар танилцуулсан юм.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой ХК-аас Тавантолгой дулааны цахилгаан станцад гэрээний дагуу нийт 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өгсөн. Үүнд 2021 онд 5.6 тэрбум төгрөг, 2022 онд долоон тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн.
2021 онд Тавантолгой дулааны цахилгаан станц компанийн үйл ажиллагааны санхүүжилтэд 3.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад хоёр тэрбум төгрөгийг өгсөн. Харин 2022 онд тус компанийн үйл ажиллагаанд 5.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон аж.
Тус цахилгаан станцын барилгын ажил 36 сарын дотор ашиглалтад орно. Нийт 578 сая ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд үүнийгээ найман жилийн хугацаанд нөхнө. Нэг жилийн хугацаанд хоёр тэрбум киловатт цагийн эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд нэг киловатт цагийн цахилгаан эрчим хүчийг Оюутолгойд 0.095 ам.доллароор нийлүүлэх юм.
Мөн нэг киловатт цагийн цахилгаан эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний станцад 0.086 ам.доллароор нийлүүлэхээр тооцсон” хэмээн ярилаа.