Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлан, хадгалах байранд аваачих самналтыг энэ сарын 27-ны өдөр эхлүүлнэ хэмээн Хотын ерөнхий менежер М.Баяраа мэдэгджээ.
Энэ талаар Хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн цаад талд буюу хуучин хар үнэгний аж ахуйн байрыг тойруулж, хашаалж байгаа юм. Орон сууц, нийтийн аж ахуйн газраас эзэнгүй нохой, муур түр байлган асрамжлах байрны засварын ажлыг хийж байна.
Түр байлган асрамжлах байрны засвар дуусангуут нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамжаар явж байгаа эзэнгүй нохойг барих нэгдсэн арга хэмжээг энэ сард эхлүүлнэ. Энэ үеэр барьсан нохойнуудаа түр байлган асрамжлах байранд аваачиж, эзэнтэй болгох зэрэг ажлыг зохион байгуулна.
Уг байр нь 10,000 орчим нохой, муурын багтаамжтай. Ингэхдээ нохой, муурыг том жижиг, эр, эм гэж ангилж байлгах юм.
Нохой, муураа асарч чадахгүй болсон хүн түр байлган асрамжлах байранд өгөх бол төлбөрийн асуудал яригдах байх. Одоогоор үнэ тарифын асуудал шийдэгдээгүй байна.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Хууль хэрэгжиж эхлэхээр Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, ХХААХҮ-ийн сайд журмууд батална. Батлагдсан журмаар нохой, муураа асарч чадахгүй болсон бол түр байлган асрамжлах байранд өгөхөд хэдэн төгрөг төлөх зэргийг зохицуулна.
Харин нийслэлээс эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах журмыг батална.
Эзэнгүй нохой, муурыг түр байлган асрамжлах байрны үйл ажиллагааны зардал нь нийслэлийн урсгал зардлаас санхүүжигдэнэ” хэмээн тайлбарлалаа.
Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах тухайд:
- 27.1. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
- 27.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл байрлуулан асрамжлах үйл ажиллагааг ойлгоно хэмээн хуульд заажээ.