“Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нээлттэй инновац ба хамтын бүтээл – Монгол 2023” /MICS 2023/ хөтөлбөр өндөрлөлөө

“ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нээлттэй инновац ба хамтын бүтээл – Монгол 2023” буюу “MICS 2023” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2024 оны 2 сарын 6-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Өнгөрсөн хугацаанд Кайт Монгол ХХК нь төслөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хөтөлбөрт оролцсон хамтарсан 10 багийг менторийн хөтөлбөрт хамруулсан ба тус арга хэмжээгээр төслүүд энэ хугацаанд бий болгосон үр дүнгээ танилцуулж хөрөнгө оруулагчид болон гадаад дотоодын нийт оролцогчдын зүгээс өндөр үнэлгээ авлаа.

Тус хөтөлбөрийн хамтарсан багууд олон улсын болон дотоодын нийт 8 тэмцээн, хөтөлбөрт амжилттай оролцож тэргүүн байруудыг эзэлж, 100 гаруй сая төгрөгийн тэтгэлэг грантыг хүлээн авсан юм.

Төслийн хэрэгжүүлэлтэд “ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас 100 гаруй сая төгрөг, багуудын зүгээс нийтдээ 671 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдийн санаачилгад оруулж Монголын нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Сүүлчийн Питч арга хэмжээгээр Инмо студи шилдэг хамтын бүтээлээр шалгарч Кайт Монгол компаниас хорин сая төгрөгийн анхны хөрөнгө оруулалтаа хүлээн авсан ба “ЖАЙКА”-н хэрэгжүүлэлтийн 50 сая хүртэлх төгрөгийн тэтгэмжээр Япон улсын Тохоку Фүкүши их сургуулийн профессор Кавасакитай хамтран сэргээн засах эмчилгээний шинэ бүтээгдэхүүнийг төслийн хугацаанд амжилттай туршиж, зах зээлээ тэлсэн гэх мэт бодит үр дүнгүүд нь манай улсын хувьд шинэхэн бий болж буй венчур сангуудаас өндөр үнэлгээ авч үргэлжлүүлэн санхүүжилт авах боломжийг нээлээ.

Удаах амжилттай хэрэгжиж буй хамтарсан төслүүдээр Калл про агент, Аргал цаас төслүүд шилдэг төслүүдээр шалгарсан юм.

“ЖАЙКА”-н хэрэгжүүлэлтийн 50 сая хүртэлх төгрөгийн тэтгэмжийг хүлээн авсан өөр нэгэн хамтарсан баг болох Taб Солюшн компанийн “1000 оюутан, 1000 цагийн ажлын байр” төсөл нь хөтөлбөрийн хүрээнд  2800 гаруй оюутныг цагийн ажлын байранд OneDayJob апликейшн дамжуулан зуучилсан байна.

Энэхүү арга хэмжээнд Япон улсын Shibuya Start-up Support, Gotanda Valley болон Plug and Play байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж Монгол, Японы инновац болон стартапууд болон экосистемийн хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлэх эхлэлийг тавилаа.

Мөн түүнчлэн 2-р сарын 7-ны өдөр МICS 2023 хөтөлбөр болон Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газрын дэмжлэгтэйгээр “UB Start-up Day” үйл ажиллагааг зохион байгуулсан ба Shibuya Start-up Support, Gotanda Valley болон Plug and Play хурдасгуур төвүүд тус тусын үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд монголын хурдасгуур төвүүдийн 10 стартапууд өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

МICS-2023 арга хэмжээ болон “UB Start-up Day” үйл ажиллагаа нь хоёр орны олон талт хамтын ажиллагаа, нээлттэй инновацыг дэмжсэнээр Монгол Улсын нийгмийн асуудлуудыг шийдэх шинэ гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

MICS 2023 хөтөлбөрийг “ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас санхүүжүүлж  хамтран зохион байгуулагчаар Kайт Монгол ХХК болон Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг нар оролцсон бөгөөд дэмжигч байгууллагаар Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Эдийн Засаг, Хөгжлийн яам, Цахим хөгжил, Харилцаа Холбооны Яам,  Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес, инновац хөгжлийн газар, ШУТ сан, IT парк, МСS Venture, Ricycle, Teco Investment зэрэг газрууд тус тус оролцож, КDDI корпорац, СОС Медика Монгол болон Худалдаа Хөгжлийн Банк нь тус хөтөлбөрийг дэмжин хамтарсан 2 төслийг ивээн тэтгэсэн юм.

KDDI корпорацын 15 сая төгрөгийн ивээн тэтгэлээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор СХД Нэгдсэн эмнэлгийн залуу эмч нарын санаачилгаар “Эрүүл аав ээж – эрүүл хүүхдүүд” төслийг Е-клиник стартаптай хамтран амжилттай хэрэгжүүлж 8 видео контент бүтээж тун удахгүй Мобиком-н VOO үйлчилгээгээр дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа бол боловсролын тэгш бус хүртээмжийг сайжруулах Шинэ Монгол Академийн Edu-mics төсөл нь СОС Медика Монгол ба Худалдаа Хөгжлийн Банкны нийт 15 сая төгрөгийн ивээн тэтгэлээр хөдөө орон нутгийн 20 гаруй сургуульд хүрч ажиллан, өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн үр дүнг шалгаж, багш сурагчдад шаардлагатай заавар зөвлөгөөг өгч ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *