Цахилгаан халаагуур хэрэглэж цахилгааны үнийн хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй хэрэглэгчдэд тавигдах ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, НӨХЦӨЛ ШАЛГУУР
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа, Монгол Улсын “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасан заалтаар цахилгааны үнийн хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй хэрэглэгч нь дараах “ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, НӨХЦӨЛ ШАЛГУУР”-ыг хангасан байна. Үүнд:
Хэрэглэгчийн цахилгаан халаагуурт тавигдах шаардлага:
Дараах нөхцлийг хангасан бөгөөд цахилгаан түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур ашиглан гэр, байшин, амины орон сууцныхаа дулаан хангамжийг 100 хувь шийдсэн:
- 220В-ын сүлжээнд: 7.5 кВт-оос дээш чадалтай цахилгаан халаагуурыг холбох техникийн нөхцлийг “УБЦТС” ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсээс авах ба техникийн нөхцлийн заалтуудыг бүрэн биелүүлсэн байх, цахилгаан халаагуур нь 7.5 кВт-аас доош чадалтай бол харъяа түгээх төвүүдээс трансформаторын чадлын тодруулга авсан байх.
- 380В-ын сүлжээнд: Цахилгаан халаагуурыг холбох техникийн нөхцлийг “УБЦТС” ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсээс авах ба техникийн нөхцлийн заалтуудыг бүрэн биелүүлсэн байх.
- Үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан, сертификаттай байх;
- Шаталсан чадлын болон хугацааны тохируулгатай байх;
- Гадаргуугийн хамгаалалттай байх /ил улайсах халаагуур байж болохгүй/;
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй байх;
- Цахилгаан халаагуурын автомат тохируулгыг халаалтын нэг улиралд ашигласан нь тогтоогдсон байх;
- Хатуу түлштэй хослон ажиллахгүй байх;
- Халаагуурт зориулсан тусдаа тоолууртай байх бөгөөд энэ нь Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газрын загварын баталгаажуулалтанд хамрагдсан тарифтай электрон тоолууртай байх;
Зөвлөмж:
Монгол Улсын “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэсэн шалгуурыг дараахи байдлаар тодорхойлно.
Шалгуурын техникийн шаардлага, нөхцөл шалгуурыг Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яамны 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн в/3956 тоот албан бичгээр тодорхойлсон. Техникийн шаардлага, нөхцөл шалгуур нь Монгол Улсын “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, цахилгаан халаагуур хэрэглэх айл өрхийн аюулгүй байдал, галын ауюлгүй байдлыг хангах, шугам сүлжээний найдвартай ажиллагааг доголдуулахгүй байх нөхцлүүдийг хангах зорилгоор хийгдсэн болно.
“Техникийн шаардлага, нөхцөл шалгуур”-ыг дараах байдлаар ойлгоно.
Цахилгаан халаагуурын хувьд: Дараах нөхцлийг хангасан бөгөөд цахилгаан түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур ашиглан гэр, байшин, амины орон сууцныхаа дулаан хангамжийг 100% шийдсэн:
Урамшуулал олгож байгаа гол зорилго нь хатуу түлшний хэрэглээг хязгаарлах, хэрэглэсэн ч сайжруулсан зуух ашиглан шаталтын хэмжээг нэмэгдүүлэх ингэснээр агаарын чанарыг сайжруулахад оршиж байгаа. Тосон, зөөврийн жижиг оврын халаагуур хэрэглэснээр хатуу түлшний хэрэглээг мэдпэгдэхүйц багасгах боломжгүй учраас эцсийн зорилготой харшилдаж байгаа юм. Ийм учраас цахилгаан халаагуур ашиглан дулааны асуудлыг 100% шийдсэн гэдэг нөхцөл орж ирсэн.
Шалгуурын 1 зүйл: 220В-ын сүлжээнд: 7,5 кВт-с дээш чадалтай цахилгаан халаагуурт техникийн нөхцөл авсан байх.
- – Гэр хорооллын тоолуурын нэгдсэн щитэнд холбогдсон айл өрхийн цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж өөрөөр хэлбэл тоолуур, автомат нь хамгийн дээд утгаараа 40 А авах зориулалттай байдаг. 7,5 кВт нь 34 А–ийн ачаалал учраас үүнээс дээш чадлын хэрэглээг уг тоолуур, автоматаар дамжуулан авах боломжгүй.
Энгийнээр хэлбэл 7,5 кВт-с дээш чадалтай халаагуурыг өөрийн одоо холбогдсон щитнээсээ залгаж хэрэглэвэл тоолуур шатах, автоматууд дахин дахин унах, цаашилбал эвдрэх болно. Энэ нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, цахилгаан эрчим хүчний тасралтгүй хангамжид муугаар нөлөөлөх юм. Техникийн нөхцөл авсан тохиолдолд Таны хэрэглэх халаагуурын чадалд тохируулан тохиромжтой хүчдэлд ямар байдлаар холбохыг зааж өгөх учраас энэ асуудал гарахгүй. Мөн Таны халаагуурыг тухайн орчныг цахилгаанаар хангаж байгаа дэд өртөөнд нэмж залгавал цахилгаан эрчим хүчний чанарын хувьд доголдол үүсэх эсэх дээр тооцоо хийгдэнэ.
Шалгуурын 2-р зүйл: Үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан, сертификаттай байх.
- – Бодит амьдрал дээр цахилгаан халаагуур, бойлерийг гар аргаар хийдэг туршлага их байдаг бөгөөд энэ нь доорхи сөрөг үр дагаврыг үүсгэдэг.
- Гар аргаар хийсэн цахилгаан хэрэглэдэг тоног төхөөрөмж нь үргэлж галын болон амь насанд халтай аюулыг агуулж байдаг. Шинээр хийгээд тавьсан эхний үедээ ямар ч аюулгүй мэт санагдах боловч тодорхой нөхцөл байдалд тухайлбал чийгтэй нойтон байх, эдэлгээний явцад цахилгааны утас нь ил гарах, бүрээс нь урагдах, хүүхэд оролдох, санамсаргүй байдлаар аль нэг утас холболт нь тасрах зэрэгт уг халаагуур маань нэн аюултай зүйл болон хувирдаг. Харин стандарт бүтээгдхүүн бол энэ бүх аюул эрсдлийг урдьчилан тооцоолсон туршсан зүйл байдаг учраас шалгуур үзүүлэлтэнд энэ зүйл заалт орсон.
Энгийнээр хэлбэл гэр бүлийнхээ аюулгүй байдалд анхааралтай хандаж үйлдвэрийн, стандартын шаардлага хангасан халаагуур авч тавих нь чухал юм. Үйлдвэрийн бүтээгдхүүнийг үргэлж баталгааны бичиг, сертификат нь дагалдаж ирдэг учраас худалдаж авсан халаагууртайгаа хамт ирсэн техникийн баримт бичгийн хуулбарыг урамшуулалд хамрагдах хүсэлтэндээ хавсаргахад болно.
Шалгуурын 3-р зүйл: Шаталсан болон хугацааны тохируулгатай байх.
Стандартын халаагуурууд ихэнхдээ шаталсан болон хугацааны тохируулгатай байдаг бөгөөд халаагуурын худалдан авалтыг хийхдээ энэ үзүүлэлтийг шалгаж авахад болно. Энэ нь танд тохиромжтой дулаанаа хэрэглэх, цахилгааны мөнгийг хэмнэх, цаашлаад цахилгаан эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад ач холбогдолтой үзүүлэлт юм.
Шалгуурын 4-р зүйл: Гадаргуугын хамгаалалттай байх./ил улайсах халаагуур байж болохгүй/
Худалдаанд байгаа стандартын халаагуурууд нь янз бүрийн зориулалттай байдгаас зарим үед ахуйн зориулалттай биш халаагуурууд нь ил улайсах утастай байх тохиолдол байдаг. Иймд халаагуурыг худалдан авахдаа галын ауюулгүй байдлыг хангах үүднээс ил улайсч байгаа хэсэг байхгүй, ахуйн зориулалтын халаагуурыг авах нь зүйтэй.
Шалгуурын 5-р зүйл: Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй байх;
Хэрэв Та дээрхи шаардлагуудыг хангаж дулааны асуудлыг цахилгаанаар бүрэн шийдсэн бол холбогдох бичиг баримтаа хорооны агаарын чанарын орон тооны бус байцаагчид өгнө. Тэндээс мөрдөгдөж байгаа журмын дагуу хүсэлт тань уламжлагдсаар НМХГ-с тодорхойлолт гарч харьяалах хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хүлээн авах танхимд жагсаалтаар нэр тань ирнэ.
Шалгуурын 6-р зүйл: Цахилгаан халаагуурын автомат тохируулгыг халаалтын нэг улиралд ашигласан нь тогтоогдсон байх;
Энэхүү шалгуур үзүүлэлт нь цахилгаан халаагуур зөөврийн биш байх (цахилгаан халаагуурын системийг цогцоор нь суурилуулсан байх), цаашид тогтвортой, сайжруулж ашиглаж байх, бусад хөнгөлөлт эдлэгсдэд шилжүүлж ашиглахгүй байх.
Шалгуурын 7-р зүйл: Хатуу түлштэй хослон ажиллахгүй байх;
Халаалтын бойлерууд нь ихэвчлэн цахилгаанаар ажилладаг, хатуу түлшээр ажилладаг гэсэн хосолсон горимтой байгаа бөгөөд нэгэнт хатуу түлшний хэрэглээг хязгаарлаж байж утааг багасгах зорилт тавьж байгаа учраас энэ шаардлага тавигдаж байна. Энэ үзүүлэлтийн биелэлтэнд хороодын агаарын чанарын орон тооны бус байцаагч хяналт тавина.
Шалгуурын 8-р зүйл: Халаагуурт зориулсан тусдаа тоолууртай байх бөгөөд энэ нь Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газрын загварын баталгаажуулалтанд хамрагдсан тарифтай электрон тоолууртай байх;
Урамшууллын гол зорилго болох нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тухайн өрх дулааны асуудлаа цахилгаан эрчим хүчний тусламжтай шийдэж байгааг тодорхой байлгах үүднээс халаалтанд хэрэглэгдэж байгаа цахилгааны хэрэглээнд тоолуур тавих шаардлагатай байгаа. Энэ зөвлөмжийн дээрхи 7 шалгуурт заасан үзүүлэлтүүдийг биелүүлсэн иргэн харьяалагдах хэрэглэгчдэд үзүүлэх төвд хандаж энэ тоолуурыг тавиулна. Тоолуурыг УБЦТС ХК-с гаргана.
Жич:Техникийн нөхцөл авах, тоолуурын цагт тохиргоо хийх зэрэг нэмэлт ажил үйлчилгээг зохицуулах зорилгоор “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 629 дүгээр тушаал гарган ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь таны хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх үүрэг хүлээгээд байгаа болно.
- Техникийн нөхцөл хүсэхтэй холбоотой асуудлын дэлгэрэнгүйг www.ubedn.mn сайтын нүүр хуудаст байрлах Техникийн нөхцөл булангаас татаж авах буюу Хан-Уул дүүргийн 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45, УБЦТС ХК-ийн төв байрны 103 тоот өрөөнд ирж авах боломжтой.
Эх сурвалж: Agaar.mn